Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 23 жилийн хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа хэмээсэн.
Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэлийн орлого төвлөрүүлэхээс гадна шимтгэл төлөгч ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шуурхай хүнд сурталгүй байх, шаардлагагүй цаасан баримт бичгийн тоог цөөрүүлэх, иргэд даатгуулагч, ажил олгогч цахим байдлаар мэдээлэл авах, даатгалын үйлчилгээнд нь хяналт тавих асуудлуудыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд шинээр тусгасан байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын засаглал ба институцийн шинэчлэлтэй холбоотой асуудал, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үйл ажиллагаа нь ил тод, тунгалаг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан ажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулах юм байна.
Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд шилжих суурь эрх зүйн үндэс бүрдэхээс гадна тэтгэврийн насны өөрчлөлтийг даатгуулагчид эрсдэл бага учруулахуйц байдлаар хэрэгжүүлж, зохион байгуулах нөхцөл бий болно гэж сайд Ж. Мөнхбат хэллээ.
Түүнчлэн нийгмийн даатгалын хамрах хүрээ, ялангуяа албан журмын даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэн, ахмад настны орлого нэмэгдэж, амьдралын баталгаа сайжирна хэмээн Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хуулийн төсөл, тэр дундаа тэтгэврийн настай холбоотой асуудал ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тохирсон зарчимтай уялдаж байгаа эсэх, төсөвт дарамт учрах үгүйг тодруулж байлаа.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хариулснаар, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажиллаад өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох бөгөөд хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулж буй нь нийгмийн хүсэлт хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй аж. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй үед эдийн засгийн өсөлт хасах руу орсон байсан хэмээн тэрбээр тодотгосон бөгөөд одоо эдийн засгийн өсөлт 4-4.5 хувь болж нэмэгдсэн болохоор дээрх зохицуулалтыг хийх бололцоотой болоод буй аж. Мөн хуулийг батлан хэрэгжүүлснээр төсөвт дарамт учруулахгүй хэмээн сайд нэмж тодруулсан.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар завсарлага авлаа
Дараа нь Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.
Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан.
Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлоод хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай гэлээ. Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна гэв.
Тэрбээр, Багш нарын цалин хөлс хангамж нь мужаан, жолооч, үйлчлэгч нарын цалингийн сүлжээтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа нь багш нарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын ерөнхий эрдмийн шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл юм.
Хууль зүйн болон хөгжих баталгаагаар бүрэн хангагдаж чадаагүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, хатуу чанд шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрч байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж хэллээ.
Тиймээс багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах, ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болгох, таван жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах, бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах, багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах талаар ч тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Б.Саранчимэг нар энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг цаг алдалгүй баталж, багш нарын хөгжих боломжийг нээн, сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн. Тэрбээр, АН-ын бүлэг хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульд тусгах саналуудаа боловсруулах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна гэсэн тайлбарыг хийсэн учир хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Мөн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ.
Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Н.Учрал, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, Хуулийн төсөлд тусгагдсан нэр, томьёог НҮБ, Юнеско, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримт бичгүүдэд заасан нэр томьёоны тодорхойлолтод нийцүүлэн томьёоллыг сайжруулж, спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих талаар ажлын хэсгээс санал гаргасан хэмээн танилцуулсан Түүнчлэн ажлын хэсэг орон нутгийн 336 суманд иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг хариуцах, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны арга зүйч шинээр ажиллуулах, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд Монгол Улсыг сурталчилан таниулах спортын төрлүүдэд төрөөс холбогдох санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага спортын заал, талбай, түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон албан татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг ч гаргажээ.
Мөн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн жилд санхүүжилт аваагүй даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд төлбөрийн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортын мэдээллийн цахим санг үүсгэн, биеийн тамир, спортын салбартай холбоотой бүхий л мэдээллийг багтаах, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.