Жил бүрийн 7 дугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн.
Эх болсон байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулан гар бие оролцож байдаг хүн бүрд хамааралтай өдөр гэж ч ойлгож болно.
Дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 202,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, 2024 он гэхэд 24 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгаа цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаар өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Монгол төрийн тэргүүн зорилт байх учиртай. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагчдад боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллах болно.
Монгол Улсад ховор, нэн ховор амьтан, ургамал, экологийн ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилго бүхий 1,160 гаруй байгаль хамгаалагчид ажиллаж байна.
Байгаль орчноо хамгаалах нэр төртэй үйлсэд мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн үе үеийн байгаль хамгаалагчид, тэдний гэр бүлд эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Та бидний хамтын зүтгэлээр Монгол орны минь тэнгэр нь цэлмэг, ус нь цэнгэг, газар нь ариун байх болтугай.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын УРТНАСАН