Засгийн газар өрх толгойлсон эх /эцэг/-чүүдийг дэмжинэ

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой энэ хуульд:

  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа
  • Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд
  • Хүүхэд асрах чөлөөтэй болон ажилгүй, эсвэл оюутан эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа бол сар бүр
  • 0-18 нас хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д улирал бүр /үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна/ тэтгэмж олгохоор тусгасан юм.

Манай улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт ч хангалтгүй байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын судалгаанаас үзвэл хүүхэдтэй 531 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн 38 хувь нь хүүхэдгүй, хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.

Манай улсын хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон эх, /эцэг/-тэй өрх эзэлж байна. Олон хүүхэдтэй ганц бие эх /эцэг/ ажил хийх боломж тааруу учир орлого муутай, олсон орлого нь амьдралд нь хүрэлцдэггүй. Энэ бүхнээс үүдэн хүүхдүүдээ эрүүл өсгөх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж чаддаггүй хүндрэл гардаг. Энэ нь тухайн хүүхэд эх /эцэг/-ийн хараа хяналтаас гарах, төрөл бүрийн хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир ажил хийх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, улмаар эрх нь зөрчигдөх тохиолдол ч гарсаар байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг даган Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Энэ хуульд өрх толгойлсон эх /эцэг/-тэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, эх /эцэг/ нь ажил хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нийгмийн халамжийн өдрийн үйлчилгээнд хамруулах зэргийг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдвал 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх юм.

2015оны байдлаар манай улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт 2.1 хувьтай байна. Жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь хүн амын цонх үетэй холбоотой бөгөөд цаашид аажим буурсаар наймхан жилийн дараа буюу 2025 онд 0.99 хувь болох төлөв гарчээ.

Иймээс Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ" гэж заасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.