Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөсөн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 буюу эхний хагас жилд 100 мянга хүртэлх төгрөгийг авч болно. Хүсвэл хуримтлал руу шилжүүлж болох бөгөөд энэ нь инфляцаас хамгаалсан арилжааны хүүгээр өссөн хэлбэртэй байх болно гэдгийг Сангийн сайд тодотгов. Мөн Хадгаламжийн даатгалын корпорацын төрөөс зохицуулагддаг даатгалд бүрэн хамгаалагдах юм байна.
Харин долоодугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгөөс доошгүй нь хадгаламжинд хуримтлагдана. Харин 50 мянга хүртэлх төгрөгийг сонголттойгоор буюу гар дээрээ авч болно. Ийм маягаар халамжаас хуримтлал руу үе шаттай шилжихээр төлөвлөж буй аж.
Тэрбээр, "Хүүхдийн мөнгө цар тахлын үед түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Халамж гэж байгаа ч эдийн засгийг дэмжсэн макро бодлого байсан. Өрхийн орлогод нэмэр болж чадсан. Худалдан авалт нэмэгдэж, түүгээрээ эдийн засгийг дэмжсэн. Харин цаашид эдийн засгийг оновчтой бүтэц рүү оруулах шаардлагатай. Эдийн засгийн өсөлттэй үед халамж хэтрэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулдаг" хэмээсэн юм.