Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн таримал ургамлын генофондын туршилтын талбайд ажиллаж зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус хүрээлэнгээс Хөх далан хальс жимсгэнийн судалгааг хийж, сүүлийн 3 жил эрчимтэй үржүүлсэн. Нэг ба 2 наст 20000 гаруй суулгац бүхий 1.5 га эх цэцэрлэг байгуулан 10000 гаруй суулгацыг аж ахуй нэгжүүдэд нийлүүлээд байна.
Хүйтэнд тэсвэртэй, эрт болцтой, экологи эдийн засгийн болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой “Хөх далан хальс” жимсгэнийг тарималжуулсан суулгацуудыг улс, ардын аж ахуй болон иргэд, айл өрхийн хэрэгцээнд үрслүүлэн ургуулах боломжийг бүрдүүлжээ.
Судалгааны дүнгээр Хөх далан хальс жимсгэнийн Бэрри Блью сорт нь манай орны газар тариалангийн төв бүсэд ургац, бутны өсөлт, үржих чадвар, биохимийн найрлага зэргээр шалгарч, нутагшсан сортоор батлагдсан байна. Эрт болцтой, ургалт түргэн учир тарьсан модныхоо үр шимийг амьдрал ахуйдаа ашиглаж, ногоон байгууламж нэмэгдүүлэх оролцоог бүрдүүлэх сайн талтай юм гэдгийг Н.Уртнасан сайд онцлоод сургалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэх, иргэд аж ахуй нэгжүүд агропарк болгон тариалахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.