Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 72 дугаар чуулганы хуралдаан өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн чуулганд Номхон далайн баруун бүсийн төвийн ажилтнууд болон зарим улс орны төлөөлөгчид Япон Улсын Химежи хотноо биечлэн оролцож байгаа бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. С.Энхболд тэргүүтэй Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд цахим хэлбэрээр оролцож байна.
Чуулганы даргаар Япон Улс, Дэд даргаар Тувалу Улс сонгогдож, үүний дараагаар уламжлал ёсоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Түүний хэлсэн үгнээс онцолбол, 2021 оны 5 дугаар сард чуулсан Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 74 дүгээр ассамблейн чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу энэ оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн тусгай чуулганаар ирээдүйн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхээр бэлтгэж буйтай холбоотойгоор улс орнуудын засгийн газрыг дээрх санаачлагыг дэмжиж ажиллахыг уриаллаа. Түүнчлэн улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд эзлэх засгийн газрын эх үүсвэрийн санхүүжилтээ нэмэгдүүлэх, ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсч байна гэлээ. Др. Тедрос Гебрейусус ДЭМБ-ын төв штабаас КОВАКС хөтөлбөрөөр дамжуулж Номхон далайн баруун бүсийн улс орнуудад одоогийн байдлаар 150 сая тун вакциныг ханган нийлүүлсэн болохыг тэмдэглээд вакцинжуулалтын хажуугаар нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг хослуулан авч хэрэгжүүлэхийг бүх улс орнуудад хандаж уриалав.
Ерөнхий захирлын мэндчилгээний дараа Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай бүсийн хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн болон КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
2019 оны 10 дугаар сард чуулсан Бүсийн хорооны 70 дугаар чуулганаар батлагдсан “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн баримт бичгийн гол цөм нь эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг тогтолцооны хувьд цогцоор бэхжүүлэх явдал юм. Түүнээс хойш 2020 оны 1 дүгээр сард шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад дэгдэж улмаар дэлхий дахиныг хамарсан цар тахал болсныг ДЭМБ-аас зарласан билээ.
Номхон далайн баруун бүсийн Захирлын тайлан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хоорондох хугацааг хамарч буй бөгөөд энэ хугацаанд манай бүсэд харьяалагдах 37 улс орон, нутаг дэвсгэрийн 26-д нь нийт 3,337,898 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 47,142 хүн амь насаа алдсан байна. ДЭМБ-ын бусад бүс нутгийн улсуудтай харьцуулахад Номхон далайн баруун бүс цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байгаа нь “Ази Номхон далайн бүс нутагт шинэ болон сэргэж байгаа халдвараас сэргийлэх стратеги”-ийг сүүлийн 15 жилийн туршид хэрэгжүүлж, эрүүл мэндийн онц ноцтой байдалд бэлтгэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэнтэй холбоотой гэдгийг Бүсийн захирлын илтгэлд онцлов. Тийнхүү цар тахлын эхний хоёр давалгааг Номхон далайн баруун бүс харьцангуй хохирол багатай даван туулсан хэдий ч 2021 оны 6 дугаар сараас эхлэн бүсийн хэмжээнд өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн нь халдварлах чадвар өндөртэй хувилбарууд тархах болсонтой холбоотой ч нөгөө талаас вакцинд хэт их найдаж хүний хөдөлгөөнийг сул тавьж нийтийн эрүүл мэндийн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шууд цуцалсантай холбоотой гэж дүгнэв.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Номхон далайн баруун бүсийн төвийн хувьд үндсэн бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнуудын чиг үүргийг цар тахалтай тэмцэх ажилд чиглүүлж өөрчлөлт хийж ажилласан байна. Үүний үр дүнд улс орнуудад халдварыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлж чадсан бөгөөд үүний дараагийн шатанд вирусийн генийн өөрчлөлтийг шинжлэх лабораторийг улс орнуудад байгуулж тухайн улс орон, бүс нутагт эргэлтэд байгаа вирусийн өөрчлөлтийг судлах тандалтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна гэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд Монгол, Камбожи, Фижи улсуудад вирусын генийн шинжилгээ хийх аппарат хэрэгслийг худалдан авч өгөх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Бүсийн хэмжээнд Австрали, Япон, Шинэ Зеланд, БНСУ болон Сингапур зэрэг хамгийн өндөр хөгжилтэй улсуудын лавлагаа лабораториудад бусад улс орнууд вирусын дээжийг хүргүүлж, шинжилгээ хийлгэж байгаа юм.
Цаашилбал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Номхон далайн баруун бүсийн төвөөс хандивлагч улс орнуудын засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, Билл ба Мелиндагийн сан, Эпидемийн бэлэн байдлын төлөөх түншлэл зэрэг олон улсын байгууллага болон олон улсын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж хөрөнгө босгож улс орнуудад хэрэгцээ шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, вакциныг түгээх чиглэлд онцгой анхаарч ажилласан байна. Үүний үр дүнд зах зээлийн багтаамж болон худалдан авах чадавхи зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бие даан вакцин худалдан авах гэрээ байгуулах боломж хомс Номхон далайн баруун эргийн жижиг арлын улсуудын нийт хүн амын 75 хувийг КОВИД-19 халдвараас сэргийлэх тарилгад бүрэн хамруулж чадсан байна.
Түүнчлэн Бүсийн захирал илтгэлдээ SARS-CoV-2 вирусээр үүсгэгдэх КОВИД-19 халдвар бүр мөсөн устгаж алга болохгүй нь тодорхой байгаа тул цаашид эндемик буюу улс орны дотор хүн амын тодорхой хэсэгт нутагшсан байдлаар үе үе дэгдэх нөхцөл байдалд тохируулсан стратеги баримталж ажиллахыг Бүсийн улс орнуудын Засгийн газарт зөвлөв. Тэрбээр цар тахалтай тэмцэхэд гарт байгаа хамгийн хүчирхэг зэвсэг болох вакциныг нийтийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хослуулан зохистой хэрэгжүүлж чадвал аль болох хүний амь нас хохирох явдлаас сэргийлж, сэргийлж болох нас баралтыг бууруулах болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Бүсийн захирлын тайланг КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний тухай асуудалтай нэгтгэн хэлэлцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Чуулганы дараагийн өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Сургуулийн эрүүл мэнд”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг чиглэлээр Бүсийн улс орнуудад урт хугацаанд баримтлах стратегийн баримт бичгүүдийн төслүүдийг хэлэлцэн батлах юм. Монгол Улс дээрх хэлэлцүүлгүүдэд тус тус оролцож үг хэлнэ.