Аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож эхэлсэн. Цахим визээр нэвтэрч буй анхны аялагч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Тэек Хээ өнөөдөр "жуулчин буюу К2" ангиллын визийг цахимаар мэдүүлж, Сөүл-Улаанбаатар нислэгээр Монгол Улсад ирлээ.
Ким Тэек Хээ: Би анх удаа Монгол Улсын виз мэдүүлсэн. Өмнө нь материалаа бүрдүүлэх, БНСУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулж виз мэдүүлдэг зэрэг нь жаахан төвөгтэй гэж сонсож байсан. Харин цахим виз олгож байгаа гэж сонсоод, цахим виз мэдүүлж үзэхэд маш амар, хялбар байлаа. Хариу ч хурдан ирсэн. Монголд аялахаар ирэхэд үнэхээр таатай байлаа. Монгол Улсад 10 гаруй хоног аялна. Анх удаа ирэхэд маань маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Анхны сэтгэгдэл ийм сайхан байгаа учир цаашдаа ч Монгол Улс миний хувьд их утга учиртай, чухал улс орон байх болно” гэсэн юм.
Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна.
Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.
Тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Ким Тэ Ван нар угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia