АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг 11-сарын 16ны өдөр зохион байгуулав.
Нээлтэд Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томохон боломжийг олгож байна” хэмээн онцлов.