Дотоодын аялагчдад зориулсан бүрэн мэдээлэл бүхий “Аяллын паспорт” гарын авлага гарлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялагчдад зориулсан “АЯЛЛЫН ПАСПОРТ”-ыг бэлтгэн гаргалаа. 
Тус гарын авлагын ач холбогдлыг үнэлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-гийн Монгол 
дахь Төлөөлөгчийн газар зардлыг санхүүжүүлэн 9000 ширхгийг хэвлүүлэн хүлээлгэн өглөө. 

“АЯЛЛЫН ПАСПОРТ” гарын авлагын үндсэн хэсэгт аялагчийн 10 дүрэм, 21 аймгийн ерөнхий мэдээлэл, заавал очиж үзэх газар болон маршрут, тухайн аймагт зохион байгуулагддаг эвентүүдийн мэдээллээс гадна иргэдийн мэдээлэл авах, захиалга өгөх, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт, аюулгүй аялах 3 үгт хаягжилтын тайлбарыг багтаасан. Мөн аяллын явцад хогоо ил задгай хаяхгүй, ан амьтдыг үргээхгүй, байгаль, түүх, соёлын өвийг хүндэтгэн үзэсгэлэнт сайхан эх орноо гэр бүл, үр хүүхдүүддээ таниулан аюулгүй тав тухтай аялахыг уриалсан байна.

Монгол орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй соёл, өвөрмөц түүх зэрэг аялал жуулчлалын арвин баялаг нөөцтэй тул аялал жуулчлалын салбарт Ази тивийн тэргүүлэх орнуудын нэг болох бүрэн боломжтойг “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико онцлоод, Япон Улсад аялал жуулчлалын маршрут, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжсэн ба зорилго нь аяллын утга учрыг мэдрүүлэх, бүртгэл хөтөлж, дурсгал болгох, тусгай урамшуулал олгодог зэрэг төстэй Аяллын паспорт, гарын авлага байдгийг дурдсан юм.

Байгальд ээлтэй, мэдээлэлтэй, маршруттай, соёлтой аялагч байхад “Аяллын паспорт” ихээхэн ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат онцлоод Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Монголчууд бид байгалийн унаган төрх, онгон дагшин газар нутгаа хайрлан хамгаалж байж, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлоороо дэлхийд гайхагдана. Эх орныхоо байгалийн сайхныг бахдан, хоггүй, цэвэрхэн, хариуцлагатай аялахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Аяллын паспорт” -ын эхний хуудаст уриалжээ.

“Аяллын паспорт” Аялал жуулчлалын хөгжлийн төвийн мэдээллийн төвүүд болон Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хяналтын пост зэрэг аялагч, амрагчдын гол бүсүүдэд нэвтрэхэд олгогдох юм. Цаашид паспорт дах мэдээлэл, маршрут зэргийг аялал жуулчлалын цогц мэдээлэл бүхий “Feel Mongolia” гар утасны аппликейшнээс цахим хэлбэрээр авах боломжтой.