УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хурлын дараа хэвлэлийн хурал хийхдээ, “Засгийн газраас нийгмийн даатгалтай холбоотой 5 хуулийн төсөл өргөн барьсан. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг байгууллаа. Yийгмийн даатгалын багц хуулийн төсөлд суурь тэтгэвэр, тэтгэвэр өвлөгддөг болох, олон төрлийн даатгал зэрэг томоохон шинэчлэл багтаж байгаа. Тиймээс тооцоо судалгааг сайтар хийх шаардлагатай” хэмээв.
Мөн тэрбээр, “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган энэ сард завсарлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу чуулган ажлын 75 хоног хэлэлцэх ёстой. Чуулган завсарлахаас өмнө “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд МАН-ын бүлгээс ажлын баг гаргаж, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзэж байгаа” хэмээв.
Тэрбээр тэтгэврийг зөрүүг арилгах талаар хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Тэтгэврийн зөрүү, нэмэгдэлтэй холбоотой асуудал хуультай холбоогүй асуудал. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Жишээ нь, Нийгмийн даатгалын сангийн төсвийг 2022 онд 2.8 их наяд төгрөгөөр баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас байгаа юм. Үндсэндээ хоёр орчим их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, түүнийхээ 1.3 орчим их наядыг тэтгэвэрт, үлдсэнийг нь тэтгэмжид өгч байна” гэлээ.