Шатар сонирхогчдын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 8-9-нд Төрийн ордны Их танхимд болно.

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг болсон бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 11, 12-нд болжээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна. Тэмцээнд Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байна.

Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар болж, нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7 оноогоор тэргүүн байр, хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарсан. Харинэмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8 оноогоор тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа гутгаар байрт шалгарч байжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.