Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигт, "Үндсэн хуулийн уг эхийг Үндсэн хууль батлагдсаны тэгш ойгоор, 5 жил тутамд залж олон нийтэд сонирхуулна" гэж заасан.
Энэ хүрээнд уг эхийн албан ёсны хуулбарыг Үндэсний музейд "Үндсэн хууль 30 жил" үзэсгэлэнд дэлгэн сонирхуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд тэмдэглэв. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд залж, УИХ-ын дарга, гишүүд хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн мэнд дэвшүүлээд, монголчууд төрт ёс, хууль цаазын олон мянган жилийн түүхтэйг тодотгов. Тэрбээр, "Их Монгол Улсын төрийн гол хууль нь 800 гаруй жилийн тэртээх "Их Засаг" хууль байсан. Харин тусгаар улсаа тунхаглан зарласан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль нэг зууны түүхтэй. Тэгвэл эдүгээгээс 30 жилийн өмнөх яг энэ өдөр 11 цаг 35 минутад Ардчилсан шинэ Үндсэн хуулийг АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталж байв. Монголчууд туурга тусгаар, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, хүн төрөлхтний соёл, иргэншлийн ололтыг хүндэтгэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг эрхэмлэж байгаагаа орон даяар зарласан билээ. Хүн бүр түүхийг бүтээгч байж чадахгүй. Шинэ ирээдүйн бамбарыг асаасан тухайн үеийн хууль тогтоогч 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, ажилчид бол түүх бүтээгчид юм" хэмээлээ.
Мөн тэрбээр Үндсэн хууль бүтсэн түүхэн замналыг хуучилж, хуульд тусгасан онцлог заалтуудыг тайлбарласнаар УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.
Ташрамд дурдахад, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.