УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдав. Энэ арга хэмжээнд 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэхүү эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулжээ. Энэ хүрээнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооод хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон цар тахлын хуулийн хүрээнд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авахгүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн үндэслэлээ тайлбарлах дэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Ингээд байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалаа.
Тухайлбал, "Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс тодорхой үе шаттай нэмэх зорилгоор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, энэ санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гарган санхүүжүүлэх: Үүнд,
1.1. Эрүүл мэнд, онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах.
1.2. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 63 тэрбум төгрөгөөр бууруулах.
1.3. Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэхээр тооцож уг санхүүжилтийг 30 тэрбум төгрөгөөр бууруулах" гэсэн саналын томьёоллыг УИХ-ын дарга уншиж танилцуулав.
Дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр, "2022 оны төсвийн төслийг баталж байх үеэр урсгал зардлаас орон тоо, гадаад томилолт, унаа машинтай холбоотой зардлыг танасан. Тиймээс урсгал зардлаас 217 тэрбум төгрөг танах боломж байгаа болов уу. Хоёрдугаарт, тэтгэвэр нэмэх Засгийн газрын тогтоол гарах үеэр анхаарахгүй бол том гажуудал үүсэж мэдэх нь. Тодруулбал, бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн 52 хувь нь доод тэтгэвэр авч байсан бол, одоо 72 хувь нь доод тэтгэвэр авагч болох юм байна. Доод тэтгэвэр авагч иргэн 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. Цаашид цалингаас хамаарч тэтгэвэр тогтоолгодог тогтолцоо эвдэгдэж байна. Доод тэтгэврийг нэмээд, түүнээс дээш тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүний тэтгэвэр өндөр дүнгээр нэмэгдэнэ. Харин багш, эмч зэрэг хүний тэтгэвэр 15 хувиар гэвэл маш бага дүнгээр нэмэгдэнэ" хэмээв.
Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 53 гишүүний 30 нь дээрх саналын томьёоллыг дэмжлээ.
Ийнхүү зарчмын зөрүүтэй бусад саналын томьёоллоор санал хурааснаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: montsame.mn