Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-нд хуралдаж, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийг зохион байгуулсан Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороог татан буулгав.
Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу нөхөн сонгуулийн зардлын тайлан, бусад тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж, зардлын гүйцэтгэл нь аудитын байгууллагаар бүрэн хянагдаж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д заасныг үндэслэн эдгээр сонгуулийн хороодыг татан буулгах шийдвэр гаргалаа.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байна. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулсан юм. Сонгуулийн дүнгээр МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нар олонхын санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.