Шилдэг багш нарын ур чадвар, заах аргыг өвлүүлэх, сурагчдын хоцрогдол арилгахад хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм.

Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа.  

Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ нь  Elab education төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуу багш нарт математик, физик, хими, нийгэм, монгол хэл, англи хэлний судлагдахуун хичээлийг ахисан түвшинд гүнзгийрүүлэн сургах юм. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш, олимпиадын болон ур чадварын аварга багш нар явуулах бөгөөд тэдний мэдлэг боловсрол, заах аргыг аль болох олон хүүхдэд хүргэх, залуу багш нарт өвлүүлэх зорилгыг өмнөө тавьж буй аж. Монгол Улсын гавьяат багш, Монголын математикийн хорооны дарга асан, МУИС-ийн хүндэт профессор Ц.Дашдорж, Улсын математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга “Олонлог” сургуулийн зөвлөх багш Б.Баяржаргал, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Nest education” сургуулийн багш С.Гэрэлмаа, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт П.Пүрэвдорж зэрэг багш нар төлөөлөл болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Эрдэм холбоо ТББ нийслэл болон 13 аймгийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж буй бөгөөд нийтдээ 150 гаруй багшийг эгнээндээ нэгтгэсэн байна. Сурагчдад хүртээмжтэй боловсрол олгож, хоцрогдол арилгах сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Elab education academy”-д хандан авч болохыг “Elab education academy”-ийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд хэлж байлаа.