УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан хуралдаанд танилцуулав.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан.
Тус хөтөлбөрийн хавсралтаар батлагдсан санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн нийт 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 150 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 88 төсөл арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээ батлагдсан.
Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын дэгдэлттэй холбоотой 2020 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарласнаар олон улсын нислэгүүд цуцлагдсан, Монгол Улс дотооддоо хөл хорио тогтоож, зарим салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоох хүртэл арга хэмжээ авснаар улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна.
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэл үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авч, төслийн хэрэгжилтийн явц, бусад холбогдох мэдээлэлд үндэслэн, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөл, гадаад өрийн зохист хэмжээнд нийцүүлэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 45.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 89 төсөл арга хэмжээг тусгасан байна.
Тогтоолын төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 149,226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэн буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч цаашдаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нөхцөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай гэж үзжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүд чухам ямар үндэслэлээр зарим төсөл, арга хэмжээ хасагдаж, өөр арга хэмжээ нэмэгдэн орж ирэв гэдгийг тодруулж байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан болон Ажлын багийн гишүүдийн хариулснаар, Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болсон, ТЭЗҮ нь хийгдчихсэн, бэлтгэл ажил нь хангагдсан арга хэмжээ 150 байсан бөгөөд нийт санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдан, таван төсөл нэмэгдэн орж иржээ. Нийт санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45.4 их наяд болж буурсан байна. Нэмэгдсэн төслүүдийн хувьд Ковидын вакцинжуулалт, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулахтай холбоотой төслүүд байгаа аж. Хасагдсан нь хэрэгжиж дууссан төслүүд хэмээн тайлбарласан. Зарим нэг төслийн хувьд санхүүжилт саатсан учир Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх төслийн жагсаалт бүхий хавсралт руу шилжүүлсэн гэлээ.
Санхүүжилтийн эх үүсвэр шийдэх шаардлагатай төслийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020, 2021 онд хийгдэж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн байна.
Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байгаа, тодорхой хэмжээнд судлагдаж байгаа, хөгжлийн түншүүд судалгаагаа хийж эхэлсэн төслүүд нэмэгдсэн гэсэн хариултыг өгсөн. Харин Санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай гэсэн жагсаалтаас хасагдсан төслүүдийн хувьд ТЭЗҮ, зураг төслийг тодруулах, нэмэлт зайлшгүй хийгдэх ёстой арга хэмжээнүүд байгаа бөгөөд Зураг төсөл боловсруулах шаардлагатай арга хэмжээний жагсаалт руу шилжсэн гэсэн тайлбарыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Монголбанкнаас 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.