“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг.Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:

  1. Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх;
  2. Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  3. Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах;
  4. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох;
  5. “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  6. Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах;
  7. Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах;
  8. Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах;
  9. Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

Хоёр.Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.

Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т  чиглэл болгосугай” гэжээ.