Г.Занданшатар: "Ногоон автобус", газрын асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчилж, санаачлагатай ажилла

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг ирцээ бүрдүүлж, нээлттэй сонсголуудыг зохион байгуулах бэлтгэл хангахыг анхааруулаа. 

Тэрбээр "Нэгдүгээрт УИХ-ын даргын захирамж гарсан, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай болон Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж, санал дүгнэлтээ байнгын хороондоо ирүүлнэ.

Хоёрдугаарт ашигт малтмалын лиценз олголттой холбоотой олон асуудал хөндөгдөж байна. Иймд ашигт малтмалын Хяналт шалгалтын Түр хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй. Ажиллаж буй орон нутгаасаа ашигт малтмалтай холбоотой санал гомдлыг авчирч, Хяналтын шалгалтын Түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 20-25-нд зохион байгуулах бэлтгэлийг хангах хэрэгтэй. "Ногоон автобус", газрын асуудлаарх нээлттэй сонсголуудыг яаравчлах, түргэвчлэх талаар УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллаж, ирцээ бүрдүүлж, Хяналт шалгалтын Түр хороо хуралдахгүй байгаа асуудлыг ирэх долоо хоногт дуусгана гэдгийг онцгой анхаармаар байна" гэлээ.