Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд хэвлэлд мэдээлэл өгөхдөө, Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, гадаадын жуулчдад нээлттэй улс болсноо зарлаж, алхам алхмаар эдийн засгаа нээн энгийн амьдалд шилжиж байгаагаа мэдэгдэж байснаа эргэн сануулав. Харамсалтай нь, түүнээс 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нөөс ОХУ, Украины хооронд хурцадмал байдал үүссэн. Товчхондоо, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсын энх тайвны байдал, олон улсын гэрээгээр тогтсон дэг жаяг эвдэгдсэнийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тэмдэглэлээ.
Энэхүү хурцадмал үйл явдлын улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, олон улс орнууд мэдэгдэл гаргасан бөгөөд дэлхийн улс орнууд нийт 8000 гаруй эдийн засгийн хориг арга хэмжээг харилцан авсан байна.
Монгол Улсын хувьд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд санал өгөөгүй, түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. ҮАБЗ-ийн гишүүд олон улсын хурцадмал асуудлыг эв санааны үндсээр шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгааг Ерөнхий сайд дурдаад, энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай ГХЯ нэг цонхоор идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв.
Цар тахлын улмаас ачаа тээвэр удааширч хэвтээд байсан эдийн засаг нь дөнгөж сэргэх төлөв ажиглагдаж байсан ч олон улсын хурцадмал байдал дахин тодорхойгүй байдал авчирсныг тодотгоод, дэлхийн банк, санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсад шатахууны үнэ 64-70 хувиар нэмэгдэх хандлагатай байгааг дурдлаа.
Сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн нийт хүн амын хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь нэмэгдсэн. НҮБ-ын тооцоогоор, дэлхийд хүнсний хомсдол үүсэж, энэ байдал даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж дүгнэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Цар тахлын нөхцөл байдал манай улсад намжсан ч хоёр хөрш болон бүс нутгийн хэмжээнд том давалгаа үргэлжилж байна. Энэ нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэхийг тааж хэлэхэд эрт. Тиймээс вакцины дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна" хэмээв.
Түүнчлэн манай улсын агаарын хил, хуурай замын тээвэр 100 хувь хоёр хөршөөс хамааралтай, экспорт, импортын тэнцэлд том сорилттой нүүр тулж буйг учирлаад, нөхцөл байдлыг одоогийнхоос муугаар дүгнэж цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлага гарч буйг дуулгалаа.
Засгийн газар Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд тэмдэглээд, хуулийн төслийн агуулгыг танилцууллаа. Тэрбээр,
- Энэ хууль батлагдсанаар, Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд Засгийн газар зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр, нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн албан татварт Загсийн газар зохицуулалт хийдэг эрх зүйн орчин бүрдэнэ
- Мах, гурил болон газрын тосны тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр, шаардлагатай хөнгөлөлт, санхүүжилт олгох,
- Ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан гэлээ.
Засгийн газар мөнгөний бодлогод оролцох нь хуулиар хориотой ч өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхээс аргагүй гэдгийг цохон тэмдэглэв.
ОХУ, Украины хурцадмал байдлаас үүдсэн эдийн засгийн хоригоос болж валютын хомсдол үүсэх нөхцөл үүсэж буйг тодотгов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Манай улс 3.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй. Хурдан хугацаанд ханшийн өөрчлөлтөд "хөдөлгөөн" ажиглагдаж эхэлсэн. Тиймээс зарим валютын төлбөрийг тодорхой хэмжээнд хязгаарлах, Монгол Улсын валютыг хилээр гаргах асуудалд Засгийн газар хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах, хил хязгаараа чангатгах шаардлагатай байна. Мөн валютын нөөц бүрдүүлэх тал дээр том төсөл, хөтөлбөрийн татан авах валютын графикийг наашлуулах хэлэлцээрийг Засгийн газар хийнэ. Энэ хуулийн хоёр дахь том бүлэг заалт нь Засгийн газар тодорхой хугацаанд мөнгөний бодлого, сангийн бодлогод төв банктай хамтран хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдүүлэх юм" хэмээв.
Хуульд гадаад валютын нөөцийг нэмэх зорилгоор,
- Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох,
- Лондонгийн металын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах багц арга хэмжээг тусгажээ.
Цар тахлын хуулийг өмнө нь шүүмжилж байсан ч Засгийн газар энэ хуулийн хүрээнд дотроо төсвөө зохицуулаагүй бол вакцинжуулалт одоогийн түвшинд хүрэх боломжгүй байсан. Энэ хуулиар шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг татан авснаар, эрдэмтдийн тооцоогоор 40 мянган хүний амь эрсдэх аюулаас сэргийлсэн гэлээ. Өнөөгийн олон улсын нөхцөл байдлаас харахад гал зогссон ч эдийн засгийн хоригууд үргэлжлэх төлөвтэй. Тиймээс Засгийн газар эрс шийдэмгий арга хэмжээ авах зайлшгүй нөхцөл үүссэнийг цохон тэмдэглэв.
Өнөөдрийн үүсэж буй нөхцөл байдлын 70-аас дээш хувь нь биднээс хамаарахгүйг тэмдэглээд, "Хилийн дотор байгаа нөхцөл байдлыг Засгийн газар хангалттай зохицуулах боломжтой. Гэвч хилийн чанадад буюу бусад улс орны хооронд болж байгаа асуудалд зохицуулалт хийх боломжгүй байна" хэмээв.
Төгсгөлд нь, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой эгзэгтэй цаг үеийг бодолцож нэгдмэл байдлаар Засгийн газартай хамтран ажиллахыг УИХ-ын гишүүд, улс төрийн намын удирдлага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхнээс хүслээ.