Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС хамтран “Цацрагийн технологи ба электрон хурдасгуурын технологи” сэдэвт үндэсний семинарыг зохион байгуулж, Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ, Хүнсний бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцон, Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах аргыг хэрхэн нэвтрүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндэсний семинарт ОХУ-ын Новосибирск хотын Будкерийн нэрэмжит Цөмийн физикийн хүрээлэнгийн профессор Александр Брязгин “Эмнэлгийн хэрэгслийн ариутгал, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтад электроны хурдасгуурыг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, туршлага солилцсон.
Дэлхий дахин цөмийн технологийг шинжлэх ухааны олон салбарт ашигладгийн нэг нь хүнс. Дулааны боловсруулалт, химийн бодис хэрэглэхгүйгээр хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, шимэгч хорхойг устгах зэрэг зорилгоор цацрагаар шарах арга ашигладаг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний бүтэц, чанарт нөлөөлдөггүй давуу талтай бөгөөд цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүнийг “Радура” тэмдэглэгээгээр таних боломжтой.
Монгол улсын хувьд цөмийн технологийг анагаах ухаан, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуй, хил гааль зэрэг олон салбартаа ашигладаг. Харин Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй МОН0012 төслийн баг хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэхүү багт МУИС-ийн эрдэмтэн судлаачид багтаж байгаа юм.