С.Амарсайхан: МИК гэрээ байгуулсныхаа төлөө хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хүүтэй олгож байгаа тогтолцоог засах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. 

Засгийн газраас Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, иргэдийг хямд орон сууцаар хангах санхүүжилтийг хамтарч гаргахаар 2013 оны зургаадугаар сараас ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хугацаанд нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас гаргажээ. 

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, "Өмнө нь ипотекийн зээлийн хүү 8 хувь байсан. Тухайн үед банкуудад 4 хувийн хүүтэй эх үүсвэрийг Монголбанкнаас өгдөг байв. Банкууд МИК-аар дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байжээ. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр Монголбанкнаас 1 хувийн хүүтэй гарч байгаа юм" хэмээв. 

"МИК-ын үйл ажиллагааг хариуцаж байгаа нь Монголбанк, СЗХ болон арилжааны банкууд юм. Төрийн мэдлийн хувь гэж байхгүй. Цаашдаа СЗХ, Монголбанк хамтарч иргэдэд хүрч байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авах дүрэм, журамд өөрчлөлт оруулж иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай" хэмээн онцлов. 

Хувийн аж ахуйн нэгжүүд МИК-ын ажлын хэрэгжүүлж зах зээлийн зарчмаар бонд босгон санхүүжилт бүрдүүлсэн бол өөр асуудал. Гэтэл Монголбанкнаас гарч буй санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулж МИК гэрээ байгуулсныхаа төлөө хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ цохон тэмдэглэв.

Энэ асуудлыг удаа дараа сөхөж байсан ч олон жил дарагдаж байгааг тэмдэглээд, Монголбанкнаас санхүүжилтийн 90 хувийн эх үүсвэр гардаг байсан бол одоо арилжааны банк 40, Монголбанк 60 хувийг гаргадаг тогтолцоотой болсныг дурдав. Төрөөс хөрөнгө гаргаж байгаа хэдий ч дундаас нь ашиг авч байгаа нь буруу тогтолцоо тул зохион байгуулалт, хяналтаа сайжруулахыг СЗХ-ноос шаардаж буйг тодотголоо.