Ногоон зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа

Small plant growing up from soil over defocused nature background with copy space

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй ногоон зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үр ашигтай дэвшилтэт ногоон технологийг эдийн засгийн хөшүүргээр дэмжих, ногоон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох механизм бий болгох тухай заасан.

Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Хаан Банк, Хас Банк, Төрийн Банктай хамтран “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 онд тус банкуудад олгох санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид нийт 25 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байсан бол уг бүтээгдэхүүний тоог есөөр нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжид нийт 34 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор шийдвэрлэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор батлагдав.

Шинээр нэмэгдсэн, ногоон зээлээр авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг дурдвал,

Иргэнд:

  • Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох,
  • Өрхийн хэрэглээний болон өөрийн объектын нүүрсээр галладаг зуухыг хийн зуухаар солих зэрэг багтаж байна.

Харин аж ахуйн нэгжүүдэд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур,
  • Өвөл, зуны бүх төрлийн хүлэмж барих,
  • Усны урсцын эрчим ашиглан ус шахах төхөөрөмж авах,
  • Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн трактор авах,
  • Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /анжис, борной, моторт сийрүүлэгч, далан гаргагч, модны нүх ухагч өрөм, үрлэгч, суулгац шилжүүлэн таригч, ковш, чиргүүл, бууц бордоо цацагч/
  • Автомашины яндангийн шүүлтүүр,
  • Нүүрсээр ажилладаг зуухыг хийн зуух болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр солих зэргийг ногоон зээлийн эх үүсвэрээр шийдэх боломжтой.

Мөн Ногоон зээлийг дээрх банкуудаар дамжуулан жилийн 2-8 хувийн хүүтэйгээр олгож байгаа талаар Орчны бохирдлын бууруулах үндэсний хорооны ажлын албанаас мэдээлэв.