С.Энхболд сайд иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй сайд биечлэн  уулзав. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан  иргэдтэй  шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэлээ.










Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирж буй  бүх санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг  холбогдох газрын  дарга нарт болон харьяа байгууллагын дарга нарт үүрэг өгч  асуудлыг нь судлан  шийдвэрлүүлэхээр болов. 2022 оны  дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвийн утсаар  эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна. Цаашид ЭМЯ-ны зүгээс иргэдийг санал хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцлов. Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа билээ.