Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв

Хан-Уул дүүргийн 8-р хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр боллоо.  Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй оролцож байна. Түүнчлэн ногоон байгууламж дотроо зүлэгжүүлэлтийг нийслэлд өргөн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулж байгаа байгууллагуудыг татвараас чөлөөлөх асуудлыг төрөөс онцгойлон авч үзэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж байж  ногоон Улаанбаатар хот бий болж, экологийн тэнцвэр, шаардлагад нийцсэн хотын төлөвлөлтийг хийнэ. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын нүүр царайг тодорхойлсон ногоон байгууламж бүхий газар болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

“Олон Улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн зөвлөх Ц.Бямбасүрэн “Яармагт байгуулж буй энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын соёлын төв болгохоор мэргэжлийн түвшинд төлөвлөлт, зураг төслөө боловсруулан мод тарьж байна. Мод тарих соёлд уриалах, тарьц, суулгацыг тарьж ургуулах, худалдан борлуулах экспог мөн зохион байгууллаа. Хотжилт нэмэгдэх хэрээр хүмүүст ногоон байгууламж заавал шаардлагатай” гэдгийг онцолж байв.

“Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн менежер Г.Сайнбат “Өнөөдөр нийслэлийн иргэд, манай компанийн хувьд чухал үйл явдал болж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг бол ногоон байгууламж. Иймээс “Их үйлсийн эрэлд групп” ХХК өөрийн эзэмшлийн 35 га талбайд ногоон байгууламж байгуулах нийгмийн хариуцлагын маш том төсөл эхлүүлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлог нь саарал ус дахин ашиглах, хог хаягдлын менежментийг шийдсэн зэрэг олон инновацын шийдэл шингэсэн юм. Мөн дөрвөн улирлын агро парк байгуулна. Энэ нь дөрвөн улирлын битүү хүлэмжүүд байх юм” хэмээв.

Иргэд модны суулгац худалдан авах, энэ талаар мэргэжлийн зөвлөгөө авах, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламжтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.