Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган метр куб байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагын зүгээс дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа’’ зохион байгуулж байгаа. Дүүргүүдийн удирдлагууд “Амралтын өдрийн худалдаа”-г тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа. Мөн Төмөр замын 1000 машины зогсоол дээр хүнсний ногооны худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Түргэн хоолны цэг байгуулахтай холбоотой Монгол Улсад мөрдөж байгаа гурван стандарт бий. Бид эдгээр стандартын талаар аж ахуйн нэгжид заавар, зөвлөгөө өгч, зөвлөн туслах боломжтой. Түргэн хоолны цэгийг гудамж, талбайд ажиллуулах талаар төрийн бус байгууллагуудтай уулзаж, стандарт батлах талаар ажиллаж байгаа” хэмээв. Хотын дарга эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж ажиллаарай гэсэн юм.