Энэ жилийн хаврын тариалалтад гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч улаанбуудай, төмсийг дотооддоо 100 хувь бэлтгэх зорилт тавьсан. Засгийн газраас дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Түүний нэг нь тариаланчдад 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээл олгох, түүндээ хүрэхийн тулд улсын хэмжээнд 2022 онд 552 мянган га-д тариалалт хийнэ. Түүнээс 362.7 мянган га-д улаанбуудай тарина.
Улаанбуудайн тариалалт 223 000 га га талбай буюу 60 гаруй хувьтай явж байна. Төмс 17.3 мянган га-д тарина. Тариалалт эдүгээ 30 орчим хувьтай. Хүнсний ногооны тариалалт 28 (5 дугаар сарын 27-ны байдлаар) хувьтай байна гэсэн дүн мэдээ танилцуулагдаж байна.
Хүнсний ногоо, төмсний аж ахуй эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ил болон хүлэмжийн 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тариалалтаа нэмэж намар хүнсний ногооны 80 орчим хувийг бэлтгэх дэвшүүлсэн зорилтоо биелүүлнэ гэж тооцжээ. Тооцоололдоо хүрэхийн тулд ХХААХҮ-ийн сайд аймгуудын Засаг дарга нартай хүнсний ногооны талбайн хэмжээг 2200 га-гаар нэмэх гэрээ байгуулжээ
Хаврын тариалалтын хүндрэлийг хөнгөрүүлэх зээл тусламж
Тариаланчдын нуруун дээр энэ жилийн хувьд үнэ нэмэгдсэн шатахуун хүндрэл болох магадлал өндөр байгаа. Тухайлбал урьд жилүүдэд 1600 төгрөгөөр авч байсан түлш энэ жил 3500 болсон гэнэ. Энэ мэт үнийн өсөлт газар тариалан эрхлэгчдэд дарамт болно. Иймээс хүсэлт гаргасан 250 иргэн аж ахуй нэгжид 10 000 тн үрийг 30 хувийн хөнгөлөлтэй олгожээ. Ялгаагүй 108 аж ахуй нэгжид 1,1 мянган тн шатахууныг хөнгөлөлттэй зээлээр олгоод байгаа юм байна. Мөн 686 иргэн, аж ахуйн нэгжид 43,4 тэрбум , төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 582 иргэн, аж ахуйн нэгжид 12,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Эдгээр зээл хөнгөлөлтүүд хаврын тариалалтын хүндрэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бололтой.
Төлөвлөсөн хэмжээнд төмс, хүсний ногоо хураан авсан нөхцөлд 60 орчим хувийг нь хадгалах багтаамжын агуулахтай. Цаашдаа механикжсан зоор агуулахыг дор хаяж 50000 тн-оор нэмэх шаардлага гарсан байна. Түүн дээр гадаадын зээл тусламж зэрэг санхүүгийн боломжит хувилбарыг судалж эхэлжээ. Хүлэмж тарианы 100 гаруй га талбайтай. Түүн дээр одоо 50 га хүлэмж хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллага танилцуулгадаа дурджээ. Тухайлбал:
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд анхны агро-ойн аж ахуй байгуулах ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж тендер шалгаруулан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажлыг эхлүүлжээ.
- Агро-ойн аж ахуй байгуулах загвар зураг төсөл боловсруулах тендер шалгаруулалтыг Барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй:
- “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд агро-ойн аж ахуй байгуулах,
- Хэнтий аймгийн 3 суманд талбай хамгаалах ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн хүрээнд:
- Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр,
- Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд агро-ойн аж ахуй байгуулахаар шийдвэрлэн ажлаа эхлүүлжээ.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд жимс жимсгэнэ тариалах бүс нутаг, тохиромжийн зэрэглэлийг тогтоох судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Жайка олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр Төв аймгийн Борнуур суманд ХААИС-ийн харьяа жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн загвар төвийг энэ онд байгуулж дуусгахаар төлөвлөсөн байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн ба жимсний аж ахуй
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ-аас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэхээр төлөвлөжээ. Үүний тулд:
- 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах,
- 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах,
- 330 сум,
- 21 аймаг,
- нийслэлд агро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөсөн байна.
Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдийн үүрэг, оролцоо нэн чухал байх нь ойлгомжтой. ХХААХҮЯ-ны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр соортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Энэхүү журамд:
- жимс жимсгэнийн талбайд хянан баталгаа хийх,
- жимс жимсгэнийн суулгац үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг тусгажээ.
Жимс жимсгэнийн хувьд чацаргана, үхэр нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж. Харин алим, чавга, интоор зэрэг Монгол улсад тариалах боломжтой бага тархацтай бусад жимс жимсгэнийн суулгацын 95 хувийг импортолох болжээ. Иймд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат соортын суулгацын хангамжийг нэмэх боломжтой болно гэжээ.
Европын холбооны дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Увсын чацаргана"-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд "Газар зүйн заалттай бүтээгдэхүүн"-ээр баталгаажуулж гэрчилгээ олгосон байх юм. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдэнэ гэж үзсэн байна.