ЗАСГИЙН ГАЗРААС 2022 ОНЫГ “МОНГОЛ УЛСАД ЗОЧЛОХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ”-ЭЭР ЗАРЛАСАНТАЙ ХОЛБООТОЙ ЗОРИЛТОТ АЖЛУУД БИЕЛЭЛЭЭ ОЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс энэ оны 2 дугаар сарын 14-ны өдөр олон улсад хилээ нээхээ зарласантай холбогдуулан БОАЖЯ-аас аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхийн тулд салбарын төлөөллийн санал, хүсэлтийг сонсох удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулсан.
Уулзалтын дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд цар тахлын үед ажлын байраа хадгалж үлдсэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг хугацаатай хойшлуулах, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг бодитоор хэрэгжүүлэх, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон "2023 оныг Монголд зочлох жил болгон зарлах" тухай чиглэлүүдийг тусгуулсан нь бодит ажил хэрэг болж эхэллээ.
Тодруулбал,
- БОАЖЯ, МАЖХ ТББ хамтран Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт хүргүүлснээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тодорхой хугацаатай график гарган, хуваан төлүүлэх шийдвэрийг салбарын яамаас дэмжиж, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл өгснөөр цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж ажилласан ААНБ-ууд харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хүсэлт гарган, үйл ажиллагааны орлогоо тооцон төлбөр төлөх, графикаа харилцан тохиролцон хамтран ажиллах боломжтой болов.
- Мөн 4 дүгээр сарын 30 -ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтын дүнд өнгөрсөн хугацаанд хаагдаад байсан аж ахуйн нэгжийн дансыг нээх талаар Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосноор Татварын ерөнхий газраас 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх ажлыг арилжааны банкнуудтай хамтран хэрэгжүүлж 40 орчим аж ахуйн нэгжийн харилцах дансыг нээгээд байна.
- Үүнээс гадна Засгийн газраас Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргав.
Цаашид "2023 оныг Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил болгон зарлах" болсонтой холбогдуулан аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, салбарыг сэргээхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.