Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэх шийдвэр гаргасан байна.
Цементын төрлийн бүтээгдэхүүний татвар 20 хувь байсан бол ЗТХЯ, БХБЯ-наас санал ирүүлсэн тул Сангийн яам судалж, Засгийн газрын хуралд танилцуулж шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ, “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа. Зам болон барилгын салбарын хамгийн өндөр ачаалалтай үе бол жил бүрийн 2, 3 дугаар улирал. Яг энэ үед Монголын цементийн үндсэн дөрвөн үйлдвэрээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэр технологийн шинэчлэл, үйлдвэрлэлээ өргөжүүлэх ажил болон бусад засвар хийх шалтгаанаар бүрэн зогссон. Үүний улмаас зах зээлд цементийн хомсдол үүслээ. Ингээд Дарханы замаас эхлээд томоохон бүтээн байгуулалт зогсох эрсдэл үүсэж байна. Түүнчлэн цаашид цементын үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул Засгийн газраас гаалийн албан татварыг тэглэж байна. Ингэснээр импортын цементээр хэрэгцээг хангах түр зуурын арга хэмжээ авч байгаа юм. Цаашдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гаалийн албан татварын бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Цементээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч онцгой анхаарах ёстой. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал, дотоодын эрэлт, хэрэгцээ болон импортын бүтээгдэхүүнээр нөхөх гэсэн гурван зүйлийн тэнцвэрийг хангах ёстой юм. Энэ бол хэрэглэгчдийн эрх ашгийг хангаж, бодит үнэ тогтоох эцсийн зорилго. Одоо тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэхгүй бол дараагийн эрсдэл үүснэ” гэлээ.
Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэснээр нэг тонн нь 500-600 мянган төгрөг байгаа үнэ 400 мянга болох бүрэн боломжтой хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.