Узбекистан улсын Ташкент хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ийн жинд барилдсан “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр дэлхийн аварга боллоо.
Тэрбээр нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн юм. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Улмаар хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.
Ц.Цогтбаатар шигшээ барилдаанд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.
Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан юм.