Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк, банкуудын эх үүсвэрээр 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна.
Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу төв банкаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл хангаж байна.
Төлөвлөгөөний дагуу тус хугацаанд 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгохоос одоогоор 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгоод байна.
Харин энэ оны эхний 9 сард ипотекийн 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 он дуустал 5 удаа хойшлуулсан. Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулаад байгаа. Дээрх зээлдэгчид энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс он дуустал 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд тавих шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгааг Монголбанк мэдээллээ.