Нотариатын гурван үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ

Гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлж байна.

Тодруулбал, Монголын Нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлнэ. Үүнд:

  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ,
  • Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байна.

Дээрх үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрджээ.

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулан өгөх юм.

Тодруулга: Мөн дотоодод төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа"-аар дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болсон. Үүнд, иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт багтаж байгаа юм. Ингэхдээ нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлжээ. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллаж байна.