УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.07) “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ олон жилийн алдаа дутагдлыг нэг мөр засаж сайжруулах ажлуудыг УИХ, Засгийн газраас эхлүүлээд байгаа. Эдгээрийг цаашид гүнзгийрүүлж, “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд 3 бүлэг, 9 багц хууль, нэг цогц бодлогыг батлан хэрэгжүүлнэ.

Үүнд,

1. Эдийн засгийн реформ (3 чиглэлийн багц хууль)

2. Нийгмийн бодлогын реформ (3 чиглэлийн багц хууль)

3. Засаглал-улс төрийн реформ (3 чиглэлийн багц хууль)

4. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

                                                                                Эдийн засгийн шинэчлэл

Эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг сэргээх гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Цар тахлын эрсдэл, олон улсын хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий нийтэд инфляц сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьтай байгаа бол Их Британид 11.1, Польшид 17.4, Казахстанд 19.6, Туркт 85.5 хувьд хүрчээ.

Үнийн өсөлт сүүлийн 13 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж, өрхийн бодит орлого буурч, ядуурал нэмэгдэх эрсдэлд хүргэж байна. Нөгөө талаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна.

Иймээс үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн реформыг хэрэгжүүлнэ. 

Тодруулбал, үнийн өсөлт, валютын ханшийг тогтворжуулж, гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалан, эдийн засгийн тэнцвэрийг сэргээж, хамгийн багадаа 1.0 тэрбум ам.долларыг нэмж бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд “Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг 1.0 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг УИХ-аас батлан хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, 135.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр эрхлэгчдэд олгоно. Түүнчлэн “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжиж, тендерийн хуулийг шинэчилж, намрын чуулганаар хэлэлцэж батална гэлээ.

Хувийн хэвшлийг дэмжих, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ.

Мөн эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэрлэлийг дэмжих багц хуулиудыг баталж, хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга мэдээлэлдээ дурдлаа.

Нийгмийн бодлогын шинэчлэл

Нийгмийн бодлогын үндэс болсон иргэндээ ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Үүнд, боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, бүтээмжтэй хүний капитал, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломжтой учраас Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэн батлах. 

Чанартай, баталгаатай, аз жаргалтай, хөдөлмөр эрхлэлтэд тулгуурласан нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль. Мөн ард иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байх нийгмийн дэд бүтцийг цогцлоон бүтээх нь төрийн үүрэг мөн. Иймд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хуулиудыг хэлэлцэн батлана.

Улс төр, засаглалын эрх зүйн шинэчлэл

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэх эрх зүйн шинэчлэлийг дуусгаж, улс төрийн нам, тогтолцоог төгөлдөржүүлэх, авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг 3 багц хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хууль тогтоомжид тусгаж, эрх зүйн иж бүрэн орчныг бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг 2020 онд баталсан билээ. Уг тогтоолын хавсралтад шинээр батлах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд, тэдгээрийг шинэчлэх чиглэлийг хууль нэг бүрээр тодорхойлсон. Ийнхүү хууль тогтоомжийг шинэчлэх ажлыг өрнүүлж, 30 хуулийг шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал 17 хуулийг баталсан бол хэлэлцүүлгийн шатанд буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батална.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Ард түмний энэхүү засаглах эрхийн хангаж, түүний төлөөллийн байгууллага болсон Улсын Их Хурал иргэдийн элч төлөөлөгч болон ажиллах, улс орныг удирдах нь сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтаас ихээхэн шалтгаална. Үүний хүрээнд бид Улс төрийн намын тухай хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэн батална.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын санхүүжилт ил тод, ард түмэнд нээлттэй байх зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд зөвхөн сонгуульд чиглэсэн цаг зуурын шинжтэй популист бодлого явуулахгүй, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлддөг бодлогын нам болох ёстой.

Тиймээс өнгөрсөн жил гаруйн хугацаанд Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал хамтран ажиллаж, төсөлд бусад намуудын саналыг аван, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Монгол Улсад шударга ёс, хууль засагласан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хамгийн том саад учруулж буй асуудал нь авлига юм. Гэвч авлигатай тэмцэх ажил олон нийтийн хүссэн үр дүн, хүлээлтэд хүрэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк, Эрдэнэс-Тавантолгой ХК зэрэг төрийн өмчит компаниудыг  тойрсон авлига, албан тушаалын болон “нүүрсний хулгай” гэх тодотголтой гэмт хэргүүд шалгагдаж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон гэмт хэргүүд иргэд, олон нийтийг бухимдуулж, төрд итгэх итгэлээ алдаж байна. Иймд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой гэлээ.

Авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараах багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн. Үүнд,

Нэгдүгээрт, ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж, үгүй хийж буй авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр энэ зорилтод олигтой ахиц гарахгүй. Иймд Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангаруулах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх болно.

Хоёрдугаарт, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой салбарт авлигын эрсдэл өндөр байна. Иймд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгоно.

Гуравдугаарт, УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх үр дүнтэй аргын нэг нь нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоог түшиглэх явдал байдаг.  Энэхүү хуулийг баталснаар хууль бус үйлдэл нь далд явагддаг авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад томоохон ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.

Дөрөвдүгээрт, авлигатай тэмцэж, төрийн хүнд суртлыг арилгахад мэдлэг, ур чадвараас гадна чигч хандлага, ёс зүйтэй иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж ажиллуулах нь чухал. Монголын төрт ёсныхоо үнэт зүйлсийн уламжлалаас харсан ч шударга ёс нь төрийн бодлого үйл ажиллагааны ёс суртахууны үндэс болж ирсэн. Иймд төрийн албан дахь авлига, хүнд суртлыг таслан зогсооход чиглэсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнийг нэг өрхөд шилжүүлбэл 9.2 сая төгрөг жилд алдаж байна. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.3 их, нэг иргэн дунджаар жилд 30 хоногийг түгжрэлд алдаж байна. Энэ нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй 25 хоттой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ бүгдээс харахад Улаанбаатар хотын авто замын түгжрэл нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болсон байна.

Үүн дээр нийтийн тээврийн чанар, хүртээмж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын тогтолцоо, авто замын сүлжээний хүртээмжгүй байдал нь  бүхэлдээ түгжигч хүчин зүйл болж хувирлаа.

Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батална. Энэ хуулиар аймгийн төвийг хотын статустай болгож, нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Ингэснээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан бүсийн хөгжлийн зорилтыг улс орны хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгө, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар нь сум, дүүргийн төсвийн орлогод чухал нөлөөтэй тул татварын шинэчлэлийн хүрээнд Газрын хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хуулиудыг шинэчилж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэлдээ онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.