Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, холбогдох сайд нарын хамт нийслэлийн төв талбайд жагсаж буй иргэдтэй уулзлаа.
Жагсагчид нүүрсний асуудалд холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид нүүрсний асуудлыг гаргаж тавиад 21 хонож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. Улс төрчдийн нэр удахгүй тодорно. Үүнд цаг хугацаа шаардагдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар байгуулсан нүүрсний асуудлаар ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл 100 хүртэл хүн орж болно. АТГ, Тагнуулын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Тэдэнд ажиллах боломжийг нь олгох ёстой. Нүүрсний асуудалд холбогдогчдоос жагсаал цуглааныг зориуд өдөөн хатгаж, турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Жагсаал цуглаан тайван замаар 4 дэх өдрөө үргэлжилж байна.