УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын хилийн боомтын асуудлыг хянан шалгах явцад холбогдох байгууллагуудаас авсан нотлох баримтуудыг нэгтгэн боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай аж. УИХ-ын энэ оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай сэдвийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад нууцын зэрэглэлтэй гэрээ, бичиг баримтуудтай танилцаж байгаагаа Г.Ганболд гишүүн энэ үеэр хэлсэн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар олон нийтэд мэдээлэх, ил тод дэлгэх боломжгүй. Иймд энэ сарын 21-нд зохион байгуулах нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоос өмнө оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлээд байгаагаа мөн мэдээллээ. Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох гэрээнүүд ил болж, тэр хэрээр иргэдийн хүсэж байгаа мэдээлэл тодорхой болох гэнэ.
Хянан шалгах түр хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар тодруулсан гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж үзэж байна. Эдгээр мэдээ баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө. Монгол Улсын гаалиар хоосон гэсэн бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын ГХЯ-аар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай гэсэн байсан. Энэ дагуу дахин ГХЯ-аар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээсэн. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж УИХ-д тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж, түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгахаар шийдвэрлэв.