Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалийг 4 дэх удаагаа хүртлээ

АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д 12 дугаар сарын 10-11-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн эзэд боллоо.

Тус тэмцээнд Белградын ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон баг болон дэлхийн шигшээ гэсэн 6 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй бөхчүүд өөрийн хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж, Украинд 3:7-гоор ялагдсан. Улмаар хэсгээсээ хоёроор гарч өчигдөр /12.11/ зохион байгуулагч АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөж нутгийнх нь дэвжээн дээр 7:3-аар ялж ДЦАШТ-ий хүрэл медаль хүртсэн юм.

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцож 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018, 2022 онд тус тус хүрэл медаль хүртээд байгаа юм.

Ташрамд дуулгахад, Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 4 удаа хүрэл медалийн эзэд болохдоо дандаа АНУ-ын багийг ялсан юм байна.

Монголын зарим бөх визний асуудал, зардал мөнгөнөөс шалтгаалан бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж чадаагүй. Хэрэв бүтэн багаар АНУ-д очсон бол эрэгтэй, эмэгтэй багийн аль аль нь илүү өндөр амжилт үзүүлэх боломж байв.

Монгол - АНУ  7:3

50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр ялсан (1:0)

53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1 (2:0)

55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6 (3:0)

57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6 (3:1)

59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2 (4:1)

62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5 (5:1)

65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6 (6:1)

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2 (6:2)

72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1 (7:2)

76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10 (7:3)