УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тус хуулийг баталснаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааны цар хүрээ ихээр нэмэгдэх, бусад салбар хуулиудын шинэчлэлтэй холбогдсон зохицуулалтыг тусгах үүднээс нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр зорилтууд тусгагдсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлийн хүрээнд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтууд багтсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд цахим худалдан авалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон боловч худалдан авах ажиллагааны бүх үе шатыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд хангалтгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн судалгаанаас үзэхэд 955 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн 94.5 хувь нь цахим системээр тендер шалгаруулалтын мэдээлэл, урилгатай танилцдаг бол, 78.1 хувь нь нэн тэргүүнд цахим системээс тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг хүлээн авдаг байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020-2021 онд 99 хувийг цахим тендер шалгаруулалтаар зохион байгуулсан байна. Тиймээс тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх зохицуулалтыг тусгажээ.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон. Уг цахим системээр зарласан тендер шалгаруулалтад 2000 онд 7093 тендерт оролцогчоос 54.051, 2021 онд 6511 тендерт оролцогчоос 46.489, 2022 онд 4352 тендерт оролцогчоос 28.869 тендер ирүүлсэн байна. Мөн онуудад шалгарсан тендерт оролцогчийн илгээсэн тендерийн хуулиар нууцад хамаарахгүй нийт 92.912 (давхардсан тоогоор) материалтай бусад оролцогчид танилцжээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ.
Жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээ тухайлбал авто зам засвар, арчлалт, даатгал, хоолны үйлчилгээ зэрэг гэрээг төсвийн жилд үндэслэн байгуулдаг нь төрийн байгууллагын хувьд дээрх гэрээг жил бүр шинэчлэн байгуулах шаардлага үүсгэдэг. Төсвийн жил шинээр эхлэх хугацаатай зэрэгцэн дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг нь ажил, үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байдаг. Мөн төрийн байгууллагад үргүй зардал, цаг хугацаа алдах, нэмэлт гэрээ хийх зэрэг нөхцөлийг үүсгэдэг. Нөгөө талаар, хувийн хэвшлийнхэнд богино хугацаатай гэрээ нь бизнесийн үйл ажиллагааг дунд хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулах боломжийг хязгаарладаг. Иймд төрийн байгууллагад шаардлагатай жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг урт хугацаанд авах, барилга байгууламж, оффисын тоног төхөөрөмж, машин механизмын түрээслэх харилцааг боловсронгуй болгох, хэд хэдэн захиалагч хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах асуудлыг зохицуулах боломжтой болох аж.
Хуулийн төсөл батлагдсанаар тендер шалгаруулалтын ажиллагаанд ил тод байдал сайжирч, тендерт оролцогчоос тавих хөндлөнгийн хяналт нэмэгдэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдан, улмаар тендер шалгаруулах ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.