Монголын Хөрөнгийн бирж өөрийн хувьчлалаар нийт 119.1 сая ширхэг хувьцаа гаргаж байна. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий дээрх тооны хувьцааг олон нийтэд санал болгон арилжснаар нийт 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.
Монголын Хөрөнгийн биржийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 12 дугаар сарын 26-30-ны хооронд үнэт цаасны бүх компаниар дамжуулан хүлээн авах аж. Дээрх үйл ажиллагааны үндсэн андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК", туслах андеррайтераар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" болон "Голомт Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж байна.
Ташрамд мэдээлэхэд, СЗХ энэ сарын 14-ний хуралдаанаар Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн. Үүний өмнө УИХ-аас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийн тогтоолыг баталсан юм. Энэ дагуу энэ оны 6 дугаар сарын 29-нд нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэн гаргасан.
Жагсаалтын эхний компани нь Монголын Хөрөнгийн бирж ТӨХК бөгөөд төрийн өмчит бусад компаниа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж буйг СЗХ-ноос мэдээллээ.