БРИГАДЫН ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 209 дүгээр зарлигаар бригадын генерал Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүндэтгэн хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Энэхүү ёслолын ажиллагааны эхэнд “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагуудын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Юуны өмнө ЗХЖШ-ын даргын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан дэслэгч генерал Д.Ганзоригт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. ЗХЖШ-ын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн, туршлагатай, төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин томилогдож буй дээд офицер гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр Зэвсэгт хүчинд тулгамдаж буй олон асуудлууд бий. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэд хэдэн тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь илтгэхийг даалгасан. ЗХЖШ-ын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлсэн томилж буй нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны зарчимч чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой юм” гэдгийг онцоллоо.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотноо төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд суралцаж “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний Батлан хамгаалахын Их Сургуулийн докторантурт суралцаж байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа, 2006 онд Батальоны захирагчийн дамжаа, 2014 онд Канад Улсад Англи хэлний анхан шатны дамжааг тус тус дүүргэсэн.

Тэр бээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байсан юм.