Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Түүнийг БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд "Ялалт" маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл, анд нөхөд, нутгийн зөвлөлийн хамт олон баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн очсон байв.
Тэрээр "Эх орондоо буухад ингэж угтаж авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр сайхан мэдрэмж байна. Энэхүү амжилтаа цааш улам ахиулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнээс олон залуусыг бэлтгэн дэлхийн аварга төрүүлэхийг хүсэж байна. Миний хувьд тэмцээнд мордохдоо чамлахааргүй амжилт үзүүлээд ирнэ гэсэн итгэлээр дүүрэн явсан.
Энд нэг зүйлийг онцлоход, Солонгос Улсад очоод дараагийн нислэгээ хүлээж байхдаа Монгол Улсын иргэн Батсүх гэдэг ахтай танилцсан, энэ ах маань тэмцээний үеэр ард минь асаалттай танк мэт намайг зоригжуулж байсан. Яагаад ч юм бэ, бурхан надад тусламж илгээсэн юм шиг санагдсан. Намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бүхий л цаг үед найдвартай ар тал, тулах цэг, бууж өгөхгүй байх шалтгаан болж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Итгэлийг зүтгэлээр хариулах болно. Монгол Улсын төлөө зүтгэе" хэмээв.
Дэлхийн 18 орны 250 гаруй тамирчин оролцсон тус наадмаас спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав ийнхүү хос алтан медаль хүртсэнээр Монгол Улсын спортын түүхэнд шинэ амжилтыг тогтоож байгаа юм.