БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн “Байгаль, түүхийн музей”-тэй танилцаж, түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэн сонирхож, эх түүхээрээ бахархан өнгөрүүлэв.
Энэхүү түүхийн музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх бөгөөд 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгыг дэлгэсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олдсон 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий палеонтологийн олдворуудыг дэлгэж, уран дархчуудын урлаж бүтээсэн мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл, хөгжмийн зэмсгүүд гэхчлэн түүхэн бүтээлүүдийг байрлуулсан байдаг юм.
Мөн хугацаат цэргийн алба хаагчид драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадамд тэргүүн байр эзэлсэн Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олны “Эр хүн болгож өгөөч” уянгын драмын жүжгийг үзэж сонирхов.