ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРНООСОО МОРДЛОО

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 12 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэж буй хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны гурав дахь цуврааны бүрэлдэхүүн энэ сарын 13-ны үдэш ажиллагааны газар орныг зорилоо.

Тус мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 12 дугаар сарын нэгний өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорьсон бол энэхүү гурав дахь ээлжид томилогдсон офицер, ахлагч нар өнөөдөр эх орноосоо мордож буй нь энэ юм.

Эдгээр бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.

Бригадын генерал С.Дашзэвэг энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэн, эх дэлхийн энх амгалангийн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордож буй Та бүхэндээ ЗХЖШ-ын удирдлагын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд өмнөх 11 ээлжийн мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүний ололт амжилт, нэр хүндийг улам бүр бататгаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт итгэл төгс байна. Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаад оршино. Тодруулбал, тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдсан төдийгүй ажиллагааны газар орныг зорьж байгаагаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр хэлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байгаа гэсэн амлалтыг бодит ажил хэрэг болгох ажлын эхлэлийг тавьж буй нь энэ юм. Иймд тус батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын хувьд бусдыгаа манлайлж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаа” гэдгийг онцлоод нийт бие бүрэлдэхүүнд амжилт бүхний дээдийг ерөөсөн юм.