Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Ирэх оныг Аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулж дээрх гурван хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлтэй хамтатган тэдгээр хуулийн төслийг хэлэлцэх болсныг салбарын сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр цааш хэлэхдээ “Казиногийн тухай хуулийг анх 1998 онд УИХ баталж байсан ч авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдуулж тэр даруйд нь цуцалж байсан түүхтэй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэж байгаа өнөө цагт казино байгуулж, түүгээр дамжсан шинэ урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Тус хуулиар нэгдүгээрт хэн нэгэн этгээд казиногийн лиценз авсан тохиолдолд бусдад дамлан зарах бололцоо байхгүй. Монгол Улсын Засгийн газарт 300 сая болон түүнээс дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлсэнээр өрсөлдөөний зарчмаар казиногийн зөвшөөрлийг олгоно. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар илэрхийлж, дэнчингээ байршуулсан аж ахуй нэгжид лиценз олгоно. Хоёрдугаарт казиногийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших өдөр тутмын олсон орлогын 40 хувийг шууд казиногийн орлогын албан татвар болгож авна. Гуравдугаарт гучин жилийн дараа нийт ширээний 50 хувь манай улсын Засгийн газрын өмчлөлд шилжих юм.
Дэлхийд ашгийн болон ашгийн бус гэсэн хоёр төрлийн морин бооцоот уралдааны төрөл бий. Манай улс ашгийн бус хэв шинжит морин бооцоот уралдааны хуулийг өргөн барьж буй. Гуравдугаарт өргөн барьсан хуулийн хувьд сүүлийн жилүүдэд миний нэр дээр хандаж эцэг эхчүүдийн зүгээс залуучууд цахим бооцоот тоглоомд ихээхэн донтож байна гэсэн гомдол ирүүлэх болсон. Иймд тус хуулийн төслийг боловсруулсан” гэв.