Тээврийн хэрэгслээ сүүлийн 5 жил техникийн үзлэгт оруулаагүй бол улсын бүртгэлээс хасах ажлыг Авто тээврийн Үндэсний төв (АТҮТ)-өөс зохион байгуулж байна.
Тодруулбал, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна гэж заажээ. Тус заалтыг үндэслэн АТҮТ сүүлийн 5 жилээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162.008 автотээврийн хэрэгслийн жагсаалт гаргаад байна.
АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Х.Золжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бүртгэлээс өмнө нь хасагдсан тээврийн хэрэгсэл болон одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162.008 автомашинд хамаарахгүй.
Энд сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй орон сууцны гадаа эсвэл хашаанд байгаа, замын хөдөлгөөнд оролцдоггүй хэрнээ АТҮТ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахыг мэдээллээ. Ийм тээврийн хэрэгслүүд хөдөө, орон нутагт ихэвчлэн байдаг тул аймаг, орон нутгийн иргэд автомашинаа бүртгэлд байгаа эсэх, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд тогтмол оруулахад анхаарахыг санууллаа.
Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахтай холбоотойгоор тухайн автомашины татвар болон торгуулийн төлбөрийн талаар тодруулбал, бүртгэлээс хасагдсан тухайн тээврийн хэрэгслийн татварын өр эзэмшигч дээр нэмэгдэхгүй. Харин үзлэг оношилгоонд хамрагдаагүй жилүүдийн татварын өр тухайн иргэнд хэвээрээ үлдэнэ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдахаас өмнөх үеийн татвар, төлбөрийг тухайн эзэмшигч заавал төлнө гэдгийг мэдэгдлээ.
Тухайн тээврийн хэрэгсэл автомашины сэлбэг, тоног төхөөрөмж, засвартай холбоотойгоор 5 жил болсон тохиолдолд үзлэг оношилгоондоо хамрагдаад, бүх татвар, торгуулиа төлсний дараа бүртгэлийг сэргээж болно гэв.
Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ цахим хуудаснаас шалгах боломжтой юм.