Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Өнгөрсөн оны Монгол Улсын төсөв ДНБ-ийн 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. Гүйцэтгэлээр эдийн засгийн идэвхжил, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсныг дурдлаа.
Тодруулбал, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх алдагдал 2.1 хувь болж, 3 хувиар буурчээ. Энэ нь мөнгөн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн (давж гарсан орлого болон хэмнэсэн) дүнгээр тэнцэл сайжирч гарчээ. Эдийн засгийн ангиллаар голлох тоон үзүүлэлтийг авч үзвэл:
- Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгөөр алдагдалтай гарсан бол,
- НДС-гийн төсөв 91.5 тэрбум төгрөг,
- Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарчээ.
Өнгөрсөн оны улсын төсвийн тэнцэл сайжирч, алдагдал буурч гарчээ.
Эдийн засгийн өсөлтийг 2022 оны 2-3 дугаар улирал гэхэд 2.6-3 хувийн хооронд байна гэсэн хүлээлттэй байсан бол жилийн эцэст 4 хувьд хүрснийг Сангийн сайд мэдээллээ. Энэ нь 2020 онд унаад байсан хасах 4.6 хувьтай эдийн засгаас хойш энэ суурин дээрээ 2021, 2022 онд дараалан эдийн засгийн өсөлт бий болсон.
Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгөөс 972.3 тэрбум төгрөг болж бууран энэ нь мөн 2020 онд 12 хувьд хүрч байсан алдагдлыг жил бүр бууруулж ирснээр ийнхүү үр дүнд хүрлээ гэдгийг тэрбээр мэдэгдэв.
Экспортын дүн: Монгол Улс өнгөрсөн онуудад урд өмнө хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийжээ. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч нэмэгдэж гарч, энэ онд эдийн засаг өсөхөд болон төсвийн алдагдлыг бууруулахад том нөлөө үзүүлжээ.
Экспортод биет хэмжээгээр хамгийн их тоотой нь нүүрсний гаралт болж буй бөгөөд өнгөрсөн оны 5 дугаар сард төсвийн тодотгол хийх үед нүүрсний экспортыг жилийн эцэст 18 сая тонн байхаар тооцож байсан бол 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн болжээ. Энэ нь төсвийн болон валютын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.