Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүрэлцээг нь нэмэгдүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон хамтран ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийж байна” хэмээв.