Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдгийг дарж булах технологиор устгадаг.


Гэвч энэ технологи байгальд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул дарж булах технологиос илүү хог хаягдлыг бүрэн боловсруулах үйлдвэрлэлийн арга технологи ашиглах нь чухал байгаа.

Улаанбаатар хотын хувьд ч хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолж байв. Тэрбээр “Ландфил технологийн сул тал нь хог хаягдлыг боловсруулах боломжийг үгүй хийхээс гадна байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хог хаягдлыг ангилан ялгаад, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Тухайлбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслөөр байгуулсан үйлдвэр жилд 5-6 мянган тонн хог төрөлжүүлэн ангилах хүчин чадалтай. Дахиад 5-6 ийм үйлдвэр байгуулахад хотын ахуйн бүх хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоно. Хүнсний хог хаягдлыг боловсруулан бордоо болгоод худалдах боломж ч бий” хэмээв.

Түүнчлэн, иргэдийн ангилж ялгасан хогийг зориулалтын машинаар ачиж тээвэрлэх нь чухал. Үүний тулд ангилж ялгасан хогийг тээвэрлэх зориулалтын машины хүрэлцээг нэмэх шаардлагатай байгаа.  Ингэснээр төрөлжүүлэн ялгах үйлдвэрт хүргэх, боловсруулах шатанд ч чирэгдэл бага, бүтээмж их байх юм.