Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээ нэвтрүүлэх хүрээнд нийслэлд одоогоор 161 байршилд уншигч байршуулаад байна. Энэ оны эхний улиралд багтаан цахим гэрчилгээ олгох талаар ЗТХЯ, НЗДТГ-аас мэдээлэв.
Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag -ийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, түгжрэл тодорхой хэмжээнд багасна гэж байгаа. Энэ систем ашигласнаар иргэддээ түгжрэл болон зам тээвэртэй холбоотой мэдээлэл, тухайлбал, энэ сард машинаа оношлуулна, таны зорчдог замд засвар хийж байгаа, түр хаасан зэрэг мэдээллийг өгнө. RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлэх юм. Ингэснээр хөдөлгөөний зорчилтыг цахимжуулж, төлбөрийг уян хатан болгох, тодруулбал, торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог систем бүрдүүлэх аж.
"Импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд 3 дугаар сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг 14,700 төгрөгөөр олгож байгаа. Нийслэлд 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөр тутамд 400-500 мянга нь замын хөдөлгөөнд оролцдог. 2022 оны эцсийн байдлаар 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ торгуультай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай заалт байхгүй, одоогоор автозам ашигласны төлбөр, замын татвар хураамж хэвээр байгаа. Тээврийн хэрэгсэлдээ цахим гэрчилгээ аваагүй бол нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана" хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэв.
ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд 1 сая тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ нааж суурилуулна. Гуравдугаар сарын 1-нээс RFID чипийг улсын хэмжээнд эхлүүлнэ. Нэг сая тээврийн хэрэгсэлд иргэн төлбөр төлөхгүйгээр цахим гэрчилгээгээ авна. Үүнийг даатгал, татвар, оношилгооны төв, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр тараана. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахад 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байна. НЗДТГ-ын хөрөнгөөс 3 тэрбум, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажил багтсан" гэлээ.