Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2023 оны 2 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...+4 градус байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтрэхээр байна.