Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд өнөөдөр (2023.03.28) зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан,Ш.Адьшаа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн дэд сайд М. Ганхүлэг, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон салбарын яам, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан алба, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллагууд, малчид тариаланчид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцож байна
"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодод даалгасан.
Тухайлбал:
- Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл,
- Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл,
- Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл,
- Бэлчээрийн тухай хууль
- Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн тухай хууль зэрэг 5 үйл ажиллагааны чиглэлд 10 гаруй хуулийн төсөл өргөн барьснаар уг хөдөлгөөн бүрэн хэрэгжинэ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөлд тусгах зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжихэд хууль эрх зүйн орчин нэн чухал.
Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг том зургаар харж, төрийн бүх бодлоготойгоо уялдуулж, Монгол улсын үндсэн хууль, Хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатайг онцлов.
ХХААХҮ-ны дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсруулж буй хууль тогтоомжийн явц байдлын талаар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дээрх тогтоолын хүрээнд ХХААХҮЯамтай хамтран хэрэгжүүлж буй ажлын явц байдлын талаар танилцууллаа. Мөн ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Референт А.Амаржаргал ""Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний тухай" сэдвээр илтгэл тавилаа.