Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID систем, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Car системийг нэвтрүүлж буй. Мөн газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэлд тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлж байгаа юм. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр бодит дата мэдээлэлд үндэслэж авто зам, тээврийн хэрэгслийн зохицуулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ Мөн RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг:
-Цахим гэрчилгээнд суурилсан зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн үйлчилгээ бий. Цахим гэрчилгээ болон зам тээврийн ухаалаг системийн тогтолцоог нэвтрүүлэх нь шинэ ажил биш. 17 жилийн өмнө Монгол Улсад анх удаа Замын хөдөлгөөний удирдлагын төв хэмээх байгууллагыг байгуулж байсан. Замын хөдөлгөөнийг камерт суурилсан шийдлээр удирдан зохион байгуулах ажлыг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Харамсалтай нь, уг систем өдгөө хуучирч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах шаардлага хангахааргүй болсон байна. Одоо камерын тусламжтай хийх замын хөдөлгөөний хяналт таван хувьтай л байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо” төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан гэв.